Жил бүрийн 05 сарын 12-ны өдөр олон улсын сувилагчдын баярын өдөр тохиодог билээ.Улсын хэмжээнд энэ жилийн сувилагчдын баярыг “Сувилахуйн тусламж үйлчилгээнд үйлчлүүлэгч, үйлчилгээ үзүүлэгчийн эрхийг хамгаалья” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна. Налайх дүүргийн Эрүүл мэндийн төв болон Өрхийн эрүүл мэндийн төвүүдэд ажилладаг сувилагч, эмнэлгийн тусгай дунд мэргэжилтнүүд өнөөдөр баяраа тэмдэглэж байна.
Дүүргийн сувилагчдын баярын үйл ажиллагаанд нийслэлийн ИТХ-ын дарга С.Амарсайхан, дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар, нийслэлийн ИТХ-ын ажлын албаны дарга Б.Батбямба, Засаг даргын орлогч Х.Анхбаяр, ЗДТГ-ын дарга Ж.Алтангэрэл нар оролцож, цагаан нөмрөгт баатрууддаа баяр хүргэж, мэндчилгээ дэвшүүллээ.
Нийслэлийн ИТХ-ын дарга С.Амарсайхан хэлсэн үгэндээ: “Дэнлүү барьсан эмэгтэй хэмээн дэлхийд алдаршсан Английн сувилагч Флоренсе Найтенгелийг сувилахуйн ухааныг үндэслэгч хэмээн үзэж, Олон улсын сувилагч нарын өдрийг түүний төрсөн өдөр буюу тавдугаар сарын 12-нд тэмдэглэдэг болсноор манай улс 22 жилийн нүүр үзэж байна. Сувилагч хүн гэдэг бол эрүүл мэндийн тусламж үзүүлэгч, эрүүл мэндийн боловсрол олгодог сургагч багш, өвчтөний өмгөөлөгч, халамжлан хүмүүжүүлэгч, дотны найз болсон эрхэм мэргэжилтэнгүүд билээ. Та бүхний ариун үйлст өндөр амжилт хүсэн ерөөе” гэв.
Налайх дүүргийн Эрүүл мэндийн төвийн хувьд нийт 320 гаруй ажиллагсадтай бөгөөд 130 гаруй сувилагч, тусгай мэргэжилтэн мөн 4 өрхийн эрүүл мэндийн төвийн эмч, сувилагчид дүүргийн 7 хорооны 7000 өрхийн 40 гаруй гаруй хүн амд үйлчлэхээс гадна Тэрэлжийн сав нутаг, Аржанчивлан, Төв аймгийн Сэргэлэн, Эрдэнэ сум зэрэг дүүргийн харъяа алсын 120 км радиус бүхий хүрээнд байршсан цэгүүдийн хүн амд тусламж үйлчилгээг үзүүлж байна.
Тус дүүргийн Эрүүл мэндийн төвөөс сувилагчдын баярыг угтан сувилагчдын мэдлэг мэргэжлийг дээшлүүлэх, туршлага солилцох зэргээр олон талт үйл ажиллагааг зохион явуулсан гэдгийг Сувилахуйн албаны дарга Т.Тунгалаг онцолсон юм. Мөн энэ үеэр АШУҮИС-ийн Сувилахуйн сургуулийн тэнхмийн эрхлэгч, сувилахуйн ухааны доктор Д.Солонго “Сувилахуйн тусламж үйлчилгээний олон улсын чиг хандлага” сэдвээр илтгэл тавьж, “дэлхий нийтэд сувилахуйн чиг хандлага өөрчлөгдөн зөвхөн биеийг эмчлэхээс гадна өвчтөний сэтгэлзүйд сувилахуйн тусламж үзүүлэх арга зүй ноёлж байна” хэмээгээд сувилахуйн 14 үндсэн зарчмаа ямагт сахин биелүүлэхийг сануулав.
Налайх дүүргийн сувилагчдын баярын үйл ажиллагаанд шагналын хур бууж, ажил үйлсээрээ манлайлсан олон сувилагчид нийслэл, дүүргийн төр захиргааны байгууллагын шагналаар шагнагдлаа гэж Налайх дүүргийн ЗДТГ-аас мэдээллээ.