Хэрвээ Умард Солонгос цөмийн зэвсгээсээ татгалзвал тус улсын эдийн засгийг цэцэглүүлэн хөгжүүлж өгөхөө АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Майкл Помпео Умард Солонгосын удирдагч Ким Чен Ын-д амалжээ.
Тэрээр Өмнөд Солонгосын Гадаад хэргийн сайд Кан Гён Хватай хамтран хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр мэдэгдэхдээ “Хэрвээ Умард Солонгос зоригтой шийдвэр гаргаж, цөмийн зэвсгээсээ түргэн хугацаанд татгалзвал тус улсыг Өмнөд Солонгостой ижил түвшинд хүртэл хөгжүүлж өгөхөд АНУ бэлэн байна” хэмээн хэлсэн байна. Мөн энэ үеэр Өмнөд Солонгосын Гадаад хэргийн сайд Кан Гён Хва удахгүй болох Дональд Трамп Ким Чен Ын нарын уулзалтаас өмнө Умард Солонгосын эсрэг авсан ямар ч хориг арга хэмжээ цуцлагдахгүй, хэвээр үргэлжлэхийг анхааруулсан бөгөөд цөмийн зэвсгээс ангижрах асуудлаар Умард Солонгосын талаас ямар нэг харагдахуйц, үр дүнтэй алхам хийгдэх хүртэл уг хориг хэвээр үргэлжлэх болно гэдэг дээр талууд санал нэгтэй байна” гэж хэлжээ. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майкл Помпео саяхан Умард Солонгост хоригдож байгаад суллагдсан гурван иргэнийхээ хамт Пхеньянаас хоёр өдрийн өмнө нисэж ирсэн бөгөөд удахгүй болох хоёр улсын дээд хэмжээний уулзалтын нарийн ширийнийг ярилцан тохиролцож чадсан юм.