Баянхонгор аймгийн “Номун далай” цогцолбор сургууль дээр Оросын соёл, шинжлэх ухааны төв/РЦНК/-ийн салбар байгуулагдлаа. Тус төв байгуулагдсанаар Оросын хэл, соёлыг судалж, суралцагчдын тоог нэмэгдүүлэх, цаашид ОХУ-д суралцах оюутан залуусыг бэлтгэх зорилготой аж.
“РЦНК” Баянхонгор дахь салбарын нээлтийн арга хэмжээг аймгийн Хөгжимт драмын театрт аймгийн БСУГ, Ерөнхий боловсролын сургуулийн хамт олон энэ сарын 10-нд зохион байгууллаа. Нээлтэд аймгийн Засаг дарга Г.Батжаргал, БСУГ-ын дарга Ж.Мөнхбат, Номун далай цогцолборын захирал Х.Алтангэрэл, Сургалтын менежер З.Ичинхорлоо, Монгол Улсын Гавьяат багш Ш.Чимгээ, ЕБС-уудын захирал тэргүүтэй албаны төлөөлөл оролцов.
Аймгийн Засаг дарга арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ, “Бидний мөнхийн хөрш ОХУ-тай найрсаг хамтын ажиллагааг бүхий л талаар хөгжүүлэх нь манай улсын бодлого юм. Тэр ч утгаараа бид тус улсын соёл, шинжлэх ухааны төвийг Баянхонгор аймагтаа байгуулж, хүүхэд залуустаа орос оронтой танилцах, цаашид тус улсад суралцах боломжийг нээж өгч байна. Аймаг бодлогын хэмжээд энэ төвийн үйл ажиллагааг дэмжиж ажиллах болно” гэдгийг хэллээ. Нээлтийн арга хэмжээний үеэр ЕБС-ын багш, сурагчид оросын цэрэг, эх орны сэдэвт дуу, бүжгээс бүрдсэн концертыг хурсан олонд тоглож сонирхуулсан юм. Оросын соёл, шинжлэх ухааны төвийн салбарыг аймгийн БСУГ, Номундалай цогцолбор сургууль хамтран байгуулжээ. Баянхонгор хотноо ОХУ-д боловсрол эзэмшсэн 33 хүн ажиллаж амьдардаг бөгөөд мөн үеэр ОХУ-д төгсөгчдийн холбоог байгуулж, Тэргүүнээр аймгийн Засаг дарга Г.Батжаргал сонгогдов.