Өнөөдөр Өмнөд Солонгосын засгийн газар тус улсын дорнод тэнгист орших Токдо арлын талаар Япон улс уг арлыг өөрийн газар нутаг хэмээн үзэж байгааг эсэргүүцэн үүнийг таслан зогсоохыг тус улсаас албан ёсоор шаардлаа. Японы засгийн газраас жил бүр гаргадаг дипломат бодлогын баримт бичигт уг арлыг өөрийн газар нутаг гэж саяхан тодорхойлсон ажээ.
Япон улс БНСУ-тай Токдо арлын эзэмшлийн талаар маргаж байгаа нь хоёр орны цаашдын хамтын ажиллагаанд хор хохирол учруулах болно гэдгийг Өмнөд Солонгосын гадаад явдлын яамны мэдэгдэлд анхааруулсан байна. Хоёр улсын дунд тэнгисийн усанд оршдог хос хадан арлыг Өмнөд Солонгос хяналтандаа байлгадаг хэдий ч Японы тал өөрийн газар нутаг гэж маргасаар ирсэн юм байна. Уг асуудлын талаар эсэргүүцлийн нот бичгийг Сөүлд суугаа Японы элчин сайд Коичи Мизушимаг дуудаж гардуулсан бөгөөд уулзалтын үеэр мөн хоёр улсын дунд байдаг тэнгисийг Өмнөд Солонгосын нэрлэдэг “Зүүн Тэнгис” гэсэн нэрээр нэрлэхийг Японы талаас шаарджээ. Япон улсын гадаад бодлогын баримт бичгийн 2017 оны хувилбарт Японы засгийн газар Өмнөд Солонгосыг “стратегийн сонирхол нэгтэй чухал хөрш” гэж тодорхойлж байсан боловч энэ оны хувилбарт уг тодорхойлолтыг хасжээ.