Олон улсын найрамдлын зөвлөлийн Монгол-Японы соёл, эдийн засгийн солилцооны нийгэмлэгийн тэргүүн Наохико Ито, Японы тэргүүлэгч компанийн үүсгэн байгуулагч, захирал зэрэг төлөөлөгчид Шинжлэх ухаан технологийн санд өчигдөр зочиллоо. Тэднийг тус сангийн захирал Д.Энхжаргал урьжээ.
Япон Улсад Монголын эрдэмтэн судлаачдын хэрэгжүүлсэн төслийн үр дүнг түгээн дэлгэрүүлэх, гадаад зах зээлд гаргах гарц, боломжийг судлахад хамтран ажиллах, түншлэл тогтоох нь энэ уулзалтын зорилго юм. Уулзалтаар шинжлэх ухааны салбарын хүний нөөцийг чадваржуулж, хоёр орны эрдэмтдийн хамтарсан төсөл хэрэгжүүлэх, Японы санхүүжилттэй тэтгэлэгт эрдэмтдээ хамруулах, шинжлэх ухаан, боловсролын салбар дахь гадаад хамтын ажиллагаанаас гадна Монгол эрдэмтдийн инновацийн бүтээгдэхүүнийг Японы зах зээлд гаргах, оюуны үнэт бүтээлийг эдийн засгийн эргэлтэд оруулах, технологи дамжуулах, гадаад борлуулалтын суваг нээх талаар ярилцжээ.
Тиймээс Японы төлөөлөгчдөд Эрдэмтдийн инновацийн бүтээгдэхүүний үзэсгэлэнгийн танхимыг танилцуулсан байна. Үзэсгэлэнд тавьсан эко бүтээгдэхүүнээс Японы зах зээлд нэвтрэх боломжтой гэж үзсэн 13 нэр төрлийн бүтээгдэхүүнийг онцлон, бүтээгдэхүүний дээжсийг Япон руу авч яван, танилцуулахаар болов. Мөн ШУТСангийн захирал Д.Энхжаргалын хүсэлтийг Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд асан Такуо Кидокоро хүлээн авч, ШУТСангийн орон тооны бус зөвлөхөөр ажиллах болсныг албан ёсоор мэдэгджээ. Ноён Такуо Кидокоро Монгол-Японы хамтын ажиллагааг дэмжиж ажилладаг. Түүний санаачилсан “1000 инженер”, “Япон-Монголын эдийн засаг хамтын ажиллагаа” төсөл одоог хүртэл үргэлжилж байна.