МАХН-ын зарим гишүүд өнөөдөр ”Монгол ньюс” мэдээллийн төвд хэвлэлийн хурал хийлээ. Өнгөрсөн долоо хоногт Улсын Дээд шүүх хуралдаж, МАХН-ын мөрийн хөтөлбөр, дүрмийн өөрчлөлтийг бүртгэхээс татгалзсан бөгөөд шүүх хуралдааны үеэр УИХ-ын гишүүн О.Баасанхүү МАХН-ын зарим гишүүдтэй ам зөрсөн юм. Түүний дараа Н.Энхбаярын талын МАХН-ын зарим гишүүд мэдээлэл хийж “Манай намын Н.Уламбаяр ямар ч буруугүй. Харин ч О.Баасанхүү шүүх танхимд танхайрсан. Энэ талаар УИХ-ын Ёс зүйн дэд хороонд хандана” гэсэн юм.
Харин МАХН-ын гишүүн Г.Бямбасүрэн өнөөдрийн хэвлэлийн хурлаар дамжуулж О.Баасанхүү гишүүн ямар ч буруугүй гэж мэдэгдэв. Тэрээр “Улсын Дээд шүүхийн танхимд МАХН-ын Тамгын газрын дарга Н.Уламбаяр УИХ-ын гишүүн О.Баасанхүү рүү дайрч элэг рүү нь өшиглөсөн. Бид тэр даруйд цагдаад хандаад, шүүх эмнэлэгт очсон. Өнөөдөр шүүх эмнэлгийн дүгнэлт гарах байх. Уг маргааныг Э.Эрдэнэжамъян эхлүүлсэн юм. Гэтэл Ц.Шаравдорж, Ц.Оюунбаатар нар О.Баасанхүүгийн буруу мэтээр ярьж байна лээ. Харин ч тэд өөрсдөө л маргаан эхлүүлсэн.
Маргааш О.Баасанхүү гишүүн биеэ үзүүлэхээр БНСУ явна. Эмч үзүүлэх шаардлагатай гэж хэлсэн учраас Солонгос явахаас өөр аргагүй болсон. УИХ-ын гишүүний биед халдаж, цохиж зодсон энэ үйлдэл нь МАХН-ын зарим гишүүдийн ёс зүйг харуулж байна. УИХ-ын гишүүн бол ард түмний сонголтоор гарч ирсэн, Үндсэн хуулиар хамгаалагдах бүрэн эрхтэй. Гэтэл Н.Уламбаяр гэдэг хүн энэ эрхэнд нь хадлаа. Н.Уламбаяр өнгөрсөн оны аравдугаар сард манай намын бас нэг гишүүнийг зодож, танхайрсан. Одоо бол дахиад давтан танхайрч байна” гэлээ.