Их Британид хорь гаруй жилийн турш ажиллаж амьдарч, ирсэн Оросын тэрбумтан Роман Абрамовичид Британи улс виз олгохоос татгалзсан талаар Орос болон Английн хэвлэлүүд мэдээлж байна. Их Британид оршин суух визний хугацаа нь дууссан тул тэрээр визээ сунгуулахаар мэдүүлэг өгсөн ч татгалзсан хариу авчээ. Учир нь Их Британий тал Роман Абрамовичийн хөрөнгөний хууль ёсны эх үүсвэрт эргэлзэж байгаа тул хууль ёсных болохыг баталсан тохиодолд хөрөнгө оруулалтын виз олгоно гэсэн болзол тавьсан тухай The Bell сэтгүүл мэдээлэв. Тус сэтгүүлийн тэмдэглэснээр Роман Абрамовичоос гадна гадаадын иргэншилтэй цөөнгүй баячуудад мөн ийм асуудал үүсээд байгаа бөгөөд өнгөрсөн тавдугаар сарын 1-нд Их Британийн Доод танхим холбогдох хуулиндаа өөрчлөлт оруулснаар Британийн Виржини арал, Кайманы арлын засаг захиргаа офшор данс эзэмшигчдийнхээ нэрсийг ил болгох үүрэг хүлээжээ. Гэвч одоогоор мэдээллийг ил болгоогүй байгаа аж.
Оросын анхны тэрбумтануудын нэг Роман Абрамович нь ОХУ-ын Чукотск мужийн амбан захирагчаар ажиллаж байсан бөгөөд 2003 онд 140 сая фунт стерлингээр хөлбөмбөгийн “Челси” клубийг худалдаж авснаар Англид байнга оршин сууж ирсэн тэрбумтан юм байна.