Япон улсын Засгийн газрын төслийн бус буцалтгүй тусламжийн хүрээнд 473 сая төгрөгийн өртөг бүхий ургийн зүрхний бичлэгийн аппаратыг өчигдөр хүлээлгэн өгчээ. Нийслэлийн гурван төрөх эмнэлэг, ЭХЭМҮТ, болон 13 аймгийн нэгдсэн эмнэлэгт гардуулсан байна. Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан эх орондоо чанартай оношлогоо, эмчилгээ хийлгэх боломжийг бүрдүүлэх, хүн амын эрүүл мэндийг дэмжих, эмнэлгийн тусламжийн хүртээмж, чанар аюулгүй байдлыг сайжруулах зорилготой аж.
Түүнчлэн энэхүү төслийн үр дүнд тоног төхөөрөмжийн шинэчлэл хийгдэж, эх нярайн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмж сайжрах юм байна. Ургийн зүрхний бичлэгийн аппаратыг Говь-Алтай, Дундговь, Завхан, Орхон, Төв, Увс, Ховд, Хэнтий, Хөвсгөл, Дорнод аймагт тус бүр нэг, Булган, Баянхонгорт тус бүр хоёр, нийслэлийн Өргөө, Хүрээ, Амгалан амаржих газруудад тус бүр дөрөв, ЭХЭМҮТ-д тавыг олгожээ.