Архангай аймгийн Нэгдсэн эмнэлгийн болон 19 сумын эх барих эмэгтэйчүүдийн эмч, эх баригч нарыг хамруулсан “Эх, нярайн яаралтай тусламж” сургалтыг өнөөдөр зохион байгууллаа. Гол зорилго нь аймгийн бүх сумдын эх барих эмэгтэйчүүдийн их эмч, бага эмч нарт эх, нярайн яаралтай тусламж, үйлчилгээг цаг алдалгүй, хүртээмжтэй, чанартай, мэргэжлийн өндөр түвшинд дэмжлэг үзүүлэх чадварыг эзэмшүүлэх явдал юм. Сургалтын нээлтэд УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг, аймгийн ИТХ-ын дарга Б.Өсөхбаяр, Засаг дарга Ц.Мөнхнасан, НҮБ-ын Хүн амын сангийн суурин төлөөлөгч Наоми Китахара, ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга М.Баттүвшин нар оролцлоо.
“Архангай аймаг нярайн эндэгдлээрээ улсын дунджаас дээгүүр байгаа. Сургалтын дараа энэ тоо буурна гэдэгт итгэлтэй байна” хэмээн ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга М.Баттүвшин хэлж байлаа. Сургалтаар жирэмсний хяналтын чанарын асуудал, манас таталт, партограм хөтлөх, үнэлэх, төрөлтийн үеийн яаралтай тусламж үйлчилгээ, нярайд үзүүлэх нэ шаардлагатай тусламж, анхдагч сэхээн амьдруулалт, төрсний дараах цус алдалтын үед үзүүлэх тусламж үйлчилгээ, сарын тэмдгийн хямрал, эмгэг цус алдалтын үед үзүүлэх тусламж зэрэг сэдвүүдээр хичээл орж, мэдээлэл өглөө. Сургалтын дараа сургалтад хамрагдсан эмч нарт сертификат гардууллаа.