Монгол улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Хэнтий аймагт ажиллах үеэрээ Тожил хийцийн эмээл захиалан, урлуулжээ. Ерөнхий сайд нутгийн урчуудад захиалсан эмээлээ 25 сая төгрөгөөр худалдан авсан байна. Батноров буюу Тожил хийцийн эмээлийн үнэ 7 сая төгрөгнөөс эхлэдэг аж. Хэнтий аймгийн Батноров сум нь Тожил, Шонхойн Чойнбол зэрэг хийц ураараа гайхуулж, ард түмний дунд нэр алдар нь түгсэн уран дархчуудтай нутаг билээ. Сонирхуулахад, Батноров сумын харьяат Уран дархан Тожилийн эцгээс хайрласан нэрийг Ишжамц гэдэг.
Тэрээр нутгийнхаа Бошоогийн шаврыг муутуу цаасны үйрмэг нунтагтай хольж хэв үйлдэн шатааж, тэр хэвэндээ хайлшаа цутган хээлдэг үндэсний шинэ технологийг үүсгэжээ. Дархан Тожилын хийц 1930-аад оноос Дарьганга, Далайчойнхорын гэж эртнээс нэршсэн урлалтай өрсөлдөж ялангуяа эмээлийн мөнгөн чимгийг ур хийцээрээ давж Батноров хийцийг алдаршуулжээ.