Ирэх зургадугаар сарын 24-нд зарим аймаг, сумын ИТХ-ын нөхөн болон дахин сонгууль орон даяар явагдана. Сонгуулийн ажлын цаг хугацааны хуваарийг СЕХ батлан мөрдүүлж байгаа бөгөөд 11 аймгийн сонгуулийн хороо, 24 сумын сонгуулийн хороо, 43 хэсэгт санал авах байр байгуулагдан бэлтгэл ажилдаа орсон талаар СЕХ-ноос мэдээллээ.
СЕХ-ны нарийн бичгийн дарга Ц.Болдсайхан “Нөхөн сонгуульд нийт 23477 сонгогч саналаа өгөхөөр нэрийн жагсаалтад бүртгэгдсэн. Нөхөн сонгууль нь хуульд заасан нөхцөл байдал үүссэний улмаас буюу өмнө нь сонгогдсон нэр дэвшигч нь нас барсан, засаг захиргааны шилжилт хөдөлгөөн хийгдсэн төрийн албанд орсон зэрэг шалтгааны улмаас явагдаж байгаа. Нөхөн болон дахин сонгуульд нийт 83 нэр дэвшигч бүртгэгдэн саналын хуудсанд бичигдлээ” гэсэн юм.
Нөхөн болон дахин сонгуульд нэр дэвшигчдийн үнэмлэхийг 6 дугаар сарын 02-ны өдөр нэгэн зэрэг олгох аж. Санал авах ажиллагаанд сонгуулийн автоматжуулсан систем ашиглах бөгөөд сонгуулийн дүнг шууд дамжуулахаар төлөвлөж байгаа гэнэ. Мөн тэрбээр, Сонгуулийн тухай хуулийг салгаж Улсын Их Хурлын, Ерөнхийлөгчийн, Орон нутгийн Хурлын сонгуулийн тухай хууль болгон өөрчлөхөөр УИХ-ын дэд даргаар ахлуулсан Ажлын хэсэг ажиллаж байгаа, мөн Ард нийтийн санал асуулгын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай саналаа УИХ-д хүргүүлсэн тухайгаа дуулгасан байна. Саналын хуудас хэвлэх зардлыг СЕХ-ноос гаргах бөгөөд саналын хуудсаа хүргүүлэх зардлыг орон нутгаас гаргах юм байна.