Энэ сарын 30-ны өдөр АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга М.Помпео ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.Лавров нар утсаар холбогдож санал бодлоо солилцсон байна. Талууд хоёр орны харилцаанд тулгамдаж буй зарим асуудал, тухайлбал Сири, Украины хямралын талаар санал солилцжээ. АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга М.Помпео, ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.Лавровтой утсаар ярих үеэрээ АНУ ОХУ-тай харилцаагаа сайжруулахыг зорьж буй бөгөөд үүний тулд ОХУ-ыг эхний алхам хийж, АНУ-ын анхаарал хандуулж буй зарим асуудалд дорвитой арга хэмжээ авахыг тус улсаас хүссэн байна.
Түүнчлэн АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин нарын өнгөрөгч хоёрдугаар сард хийсэн яриа хэлэлцээг хэрэгжүүлэх нь хоёр орны харилцаанд чухал ач холбогдолтойг талууд онцолжээ. Эргэн сануулхад энэ сарын 18-ны өдөр ОХУ-д шинэ Засгийн газар байгуулагдаж Ерөнхий сайд Д.Медведевийн саналаар С.Лавров ОХУ-ын Гадаад хэргийн сайдын албыг үргэлжлүүлэн хашихаар болсон бөгөөд харин АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга М.Помпео үүрэгт ажлаа энэ оны дөрөвдүгээр сарын 26-нд өмнөх Төрийн нарийн бичгийн дарга Рекс Тиллерсоноос хүлээн авчээ. Тэрээр өмнө нь АНУ-ын Тагнуулын төв газрын даргаар ажиллаж байсан юм.