Сирийн ерөнхийлөгч Башар Аль Ассад Умард Солонгосын удирдагч Ким Чен Ын-тай уулзахаар төлөвлөж байна хэмээн Умард Солонгосын хэвлэл мэдээллийн байгууллагаас иш татан The Times of Israel сонинд мэдээлжээ. Умард Солонгосын төв мэдээний агентлагийн мэдээлснээр өнгөрсөн тавдугаар сарын 30-ны өдөр тус улсын элчин сайд Мун Жонг Нам Сирийн Ерөнхийлөгч Башар Аль Ассадад итгэмжлэх жуух бичгээ гардуулах үеэр Башар Ассад, Ким Чен Ын-тай уулзахаар Пхеньянд айлчлахад бэлэн буйгаа илэрхийлжээ.
Энэ үеэр тэрээр Сирийн засгийн газар Умард Солонгосын Засгийн газрын бүх бодлого, арга хэмжээг дэмжинэ хэмээн дурдсан бөгөөд “Ким Чен Ын Солонгосын хойгт нэгдлийг бий болгож, эцсийн ялалтад хүрнэ” гэдэгт би итгэж байна” хэмээн хэлсэн байна. Хэрвээ энэхүү уулзалт товлогдвол Умард Солонгосын төрийн тэргүүний гадаад улсын удирдагчтай тус улсын нийслэлд зохион байгуулж буй анхны дээд хэмжээний уулзалт болох юм байна.