Өнөөдөр Барилга, хот байгуулалтын яамны хурлын танхимд “Барилгын зах зээлийн өнөөгийн байдал ба эрэлт нийлүүлэлт” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгууллаа. Хэлэлцүүлгийн үеэр “Тэнхлэг зууч” үл хөдлөх хөрөнгийн компанитай хамтарсан судалгаагаар орон сууцны нийлүүлэлт иргэдийн эрэлтээс давсан гэх дүнгийн тухай мэдээлсэн байна. Тодруулбал, нийслэлд 217 мянган айл өрх гэр хороололд амьдардаг ч, таван мянга 882 айлын орон сууц ашиглалтад орчихсон борлуулалт байхгүй, эзнээ хүлээж байгаа аж.
Энэ талаар Барилга хот байгуулалтын дэд сайд Ш.Лхамсүрэн хэлэхдээ “Орон сууцны нийлүүлэлт эрэлтээсээ давсан үзүүлэлттэй байна. Яг одоогоор 217 мянган айл өрх гэр хороололд амьдарч байгаа ч энэ хэмжээний эрэлт байгаа гэсэн үг. Хамгийн гол нь орон сууц худалдан авах чадвартай холбоотой асуудал” гэжээ.