УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Н.Оюундарь, Д.Оюунхорол, Н.Амарзаяа нар хүүхдийн мөнгөн тэтгэмжийг ялгаваргүйгээр олгох буюу хүссэн хүүхэд бүрт олгох асуудлаар ОУВС-д ханджээ. Хүүхэд бүрт хүүхдийн мөнгө олгоход ердөө 20 орчим тэрбум төгрөг шаардлагатай. Тэгвэл ОУВС-гийн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр манайд амжилттай хэрэгжиж байна гэсэн дүгнэлт гарч байгаа бөгөөд манай эдийн засгийн өсөлт нэмэгдэж, төсвийн тэнцэл сайжирч байгаа гэсэн мэдээллийг бидэнд өгсөөр байгаа билээ. Тиймээс хүүхдийн мөнгийг хүүхэд бүрт олгох бүрэн боломж бий хэмээн үзэж дээрх нэр бүхий гишүүд ОУВС-д Засгийн газартай хийсэн хэлцэлээ эргэн харах тухай хүсэлт гаргасан байна.
Ингэхдээ оны эхний хагас жилийн байдлаар гэхэд Монгол Улсын төсвийн орлого 500 гаруй тэрбум төгрөгөөр давж биелэхээр байгаа тул хүссэн хүүхэд бүрт хүүхдийн мөнгө олгоход эдийн засагт ямарваа нэг эрсдэл гарна гэж тэд үзэхгүй байгаагаа илэрхийлжээ. Тиймээс ОУВС-гийн Ажлын хэсэг Монгол улсад ирэх долдугаар сард ирж ажиллах хугацаандаа “Хүсэлт гаргасан хүүхэд бүрт хүүхдийн мөнгө олгох” асуудлыг нааштайгаар шийдвэрлэхийг хүссэн байна. Түүнчлэн энэхүү хүсэлтийн цаана 1 сая 140 мянган хүүхдийн эрх ашиг бий гэдгийг тэмдэглэжээ.
Нэгэнтээ хөтөлбөр амжилттай хэрэгжиж байгаа учраас хүн амын өсөлтийг дэмжих төрийн бодлогын нэг үндэс болсон хүүхдийн мөнгийг олгох асуудлыг шийдвэрлэхдээ ОУВС-гаас Засгийн газартай байгуулсан хэлэлцээрээ эргэн харж, дахин хэлцэл хийх боломж бий гэдгийг ч мөн энд дурьдсан байгаа юм.