Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хэлтсийн гадаа зам дээр зогссон цагдаагийн машиныг ачих гэсэн ачилтын машины ажилтнуудыг 10 гаруй цагдаа нар нийлж зодож, цагдаагийн байр руугаа авч орсон гэх бичлэг бүхий мэдээлэл цахим сүлжээнд нэлээд тараад байна. Энэ үйлдлийг харсан нэгэн иргэн “Ямар дээрэлхүү харьцаж байна. Шууд цохиод л газар унагаагаад л. Бүдээрээ тойрч бүчиж, чирч гулдраад л, дамжлаад л. Бичлэг хийж байгаа хүмүүсийн утсыг хурааж бичлэгийг нь устгана гээд л…
СБД-ийн цагдаагийн хэлтсийн үүдээр өнгөрдөг авто зам нь нэг чигийн хөдөлгөөнтэй боловч цагдаагийн машин урсгал сөрж явах нь олонтой тааралддаг. Цагдаагийн байгууллага ажилтнуудынхаа боловсролын түвшинг дээшлүүлж, харилцааны соёлд суралцуулах, бас өөрсдөө дүрэм журмаа мөрддөг болгомоор юм аа.” хэмээн бичиж фэйсбүүк хуудастаа тухайн үеийн бичлэгийн хэсгээс оруулжээ.
Цагдаагийн ерөнхий газраас энэ талаар тодруулахад “Ийм асуудал хоёр долоо хоногийн өмнө болсон. Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтсийн дуудлагад явдаг шуурхай албаны автомашиныг ачилтын машин ачих гэсэн юм билээ. Цагдаа нь гарч ирээд ийм учир шалтгаантай шуурхай албаны машин гэж тайлбарлатал тэр залуу өөдөөс нь цагдаа нарыг хэл амаар доромжилж, хараалын үгс урсгасан учраас хэлтэс рүү орж асуудлаа шийдье гэсэн юм билээ. Гэтэл орохгүй гэж эсэргүүцлээ илэрхийлсэн тул чирсэн асуудал гарсан байсан. Тухайн асуудлыг цагдаагийн байгууллагаас ачилтын компанийн холбогдох хүмүүстэй уулзаж шийдвэрлэсэн” гэв.