Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, Олимпийн аварга Э.Бадар-Ууган өнөөдөр Японы мэргэжлийн сүмогийн 68 дахь их аварга, Асашёорюү Д.Дагвадоржид хүндэтгэл үзүүлжээ. Тэрбээр Асаршёорюү аваргад дотор талдаа аваргын ид барилдаж явсан үеийн дүр бүхий сийлбэртэй, ёроолд нь 68-ын тоог луугаар ороон чимэглэсэн, цагаан идээтэй мөнгөн аяга, хадаг, боксын “алтлаг” бээлий бэлэглэсэн байна.
Энэ талаар Асашёорюү аварга цахим хуудастаа “Олимпийн аварга маань хүндэтгэл үзүүллээ. Олон жилийн өмнө Бадгаа, Азаа хоёрыгоо нэгэн хүнтэй танилцуулж, ажил үйлсийг нь дэмжсэн юм аа. Ухаантай дүүдээ ажил, амьдралын өндөр амжилт хүсье!” хэмээн бичжээ.