Өнөөдөр 15:00 цагийн орчимд Үндэсний соёл амралтын хүрээлэн буюу хүүхдийн паркийн тоглоом эвдэрч, хүүхдүүд гэмтсэн хэрэг гарчээ. Тодруулбал, эргэлддэг пуужин тоглоомыг ажиллуулах явцад эвдрэл үүсч, төмөр нь хугарч доош унаснаар дотор нь сууж байсан хүүхдүүд гэмтсэн байна.
Энэ талаар ЦЕГ-ын Олон нийттэй харилцах хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандааБ.Баатархүү “Өнөөдөр 15:13 цагт паркийн “Сансрын хөлөг” тоглоом эвдэрч дотор нь байсан найман хүүхэд гэмтсэн гэсэн дуудлага ирсэн. Одоогоор хүний амь нас эрсдээгүй, дөрвөн хүүхэд бэртэж Гэмтлийн эмнэлэг рүү хүргэгдсэн.Бид одоо хэргийн газар дээр шалгалт явуулж байна”.
Харин ҮСАХ-гийн Гүйцэтгэх захирал Б.Батнягт “Жил бүр хүүхдийн паркийг нээхээс өмнө засвар хийж үйл ажиллагаагаа эхлэдэг. Мөн өдөр бүр үйл ажиллагаагаа явуулахаасаа өмнө ч бас шалгадаг. Өнөөдрийн хувьд ч гэсэн тоглоомууд хэвийн гэж үзээд ажиллаж эхэлсэн. Сансрын хөлөг тоглоом хоёр кабинтай. Дөрөв дөрвөөрөө найман хүүхэд суух боломжтой. Нэг кабинд нь гэмтэл гарч салж унасан. Одоо бэртсэн хүүхдүүдэд үзлэг хийгдэж байгаа. Ямар хэмжээний бэртэл авсан гэдгийг мэдэхгүй байна. Бид хариуцлага хүлээх болно” гэв.