УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаас Д.Гантулгыг гишүүнийх нь бүрэн эрхээс чөлөөлөх шийдвэр гаргасан билээ. Түүний дараа тэрбээр “Одоо би жирийн иргэний хувьд асуудлаа хуулийн байгууллагаар шийдүүлнэ. Нийт сонгогчдоосоо хүлцэл өчиж байна” гэсэн юм.
Үүний дараа сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө.
–Асуудлын буруу, зөвийг хуулийн байгууллагаар тогтоолгосны дараа улс төрд эргэж ирэх үү?
-Улс төрд буцаж ирэх, явах гэх ойлголт УИХ-ын гишүүн байхаар хэмжигддэг гэж бодохгүй байна. Тиймээс тэр дундаа нийгэмд байгаа бодож санаж хийж бүтээх ажлууд маань үргэлжилнэ.
-Танд намын зүгээс шахалт үзүүлсэн үү?
-Энэ бол зөвхөн миний шийдвэр.
-Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд хийх ажлуудаа амжуулж чадсан уу?
-Хэд хэдэн зүйл хийхийг бодож байсан. Би өөрөө тойргийг төлөөлдөг гишүүнээр хайрцаглаж болохгүй гэсэн байр суурьтай байдаг. УИХ-ын гишүүд зөвхөн тойргоо л төлөөлж байгаа учраас парламент дээр том улс орны хэмжээний төслүүд гацаж, тойргийн хэмжээний жижиг төслүүд ихэвчлэн шийдэгдэж, бүлэг фракц болдог асуудал байдаг. Тиймээс би тойргийн гишүүн биш УИХ-ын гишүүний хувьд бүтэн хардаг байх юмсан гэж бодож өнгөрсөн хугацаанд 21 аймгаа тойрч, залуучуудын хөгжлийн асуудал, гэр бүл, залуучуудын агентлагтай болсон, хуультай болсон гээд залуу гишүүний хувьд хийсэн гол ажлууд юм. Бусад асуудал нь хамтын цаг хугацааны явцад асуудал нь шийдэгдэнэ биз ээ.Одоо өөр асуултад хариулт өгөхгүй.