Нийслэлийн цагдаагийн газрын Мөрдөн шалгах газрын Хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид бусдын автомашинд түлхүүр тааруулан хулгай хийдэг этгээдийг илрүүлэн шалгаж байна. Уг этгээд нь автомашинд түлхүүр тааруулан ороод иргэдийн гар утас, бэлэн мөнгө болон нөүтбүүк зэрэг эд зүйлийг нь хулгайлчихаад, гарахдаа буцаагаад машиныг нь цоожилчихдог гэж мэдүүлжээ. Гэмт этгээд “Хажуу талд нэг машин байсан юм. Би зүгээр сонирхоод цонхоор нь харахгүй юу. Цүнх байсан, тэгэхээр нь яадаг юм бол гээд ороод авсан. Тэгсэн дотор нь мөнгө байсан юм. Түүнээс хойш би хотод орж ирээд манайх Нарантуулын тэнд байдаг байхад дахиж нэг тэгж үзээд би болдог юм байна гэж бодоод машины хаалга татаж явдаг байсан. Сүүлдээ машинд түлхүүр тааруулдаг болсон.” хэмээн ярьж байна.
Иргэн Б нь БГД, ЧД, СБД-т нийт 30 орчим удаагийн үйлдлээр иргэдийн автомашинд түлхүүр тааруулан хулгай хийсэн нь тогтоогджээ. Түүний гэмт үйлдлийг шалгах явцад зарим хэрэг нь цагдаагийн байгууллагад бүртгэгдээгүй байгаа аж.
Иймд гадны халдлагын шинжгүй, цоожтой автомашинаасаа мөнгө, эд зүйлээ алдсан иргэдийг Нийслэлийн цагдаагийн газрын Хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст хандаж, хамтран ажиллахыг хүслээ.