УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр хуралдаж, Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуулийн төсөл, 2018 оны Намрын ээлжит чуулганаар хэлэлцэх хууль, УИХ-ын бусад шийдвэрийн төслүүдийн талаар санал солилцлоо. 2018 оны Намрын ээлжит чуулганаар хэлэлцэх хуулиудын тухайд, Татварын багц хуулийн шинэчлэл, Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт болон Захиргааны ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах зэрэг хуулийн төслүүдийг анхаарч ажиллах юм байна.
Түүнчлэн хурлаар УИХ-ын хаврын чуулганы хуралдаанаар хэлэлцсэн хуулийн төслүүд болон бусад тогтоолуудын талаар бүлгийн гишүүдийн байр суурийг нэгтгэж, нэгдсэн дүгнэлтийг ирэх долоо хоногийн даваа гарагт буюу энэ сарын 25-ны өдөр танилцуулахаар болжээ.
Мөн УИХ дахь МАН-ын бүлгийн хурал боллоо. Өнөөдрийн хуралдаанаар энэ долоо хоногт чуулган, байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх хууль, тогтоолын төсөлд байр сууриа нэгтгэсэн байна. УИХ-ын Дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн хоёр төслийг УИХ хэлэлцэж байгаа. Уг хоёр төслийг нэгтгэж боловсруулах ажлын хэсгийг байгуулахаар болсон. Д.Хаянхярваа, С.Бямбацогт нарын санаачилсан хуулийн төслүүдийг тус бүлгийн хуралдаанаар нэгтгэн хэлэлцжээ. Уг хуулийн төсөлд бүлгийн гишүүд өөрсдийн саналаа нэмж тусгуулахаар болсон байна.