Германы алдарт автомашин үйлдвэрлэгч “Audi” компанийн ерөнхий захирал Руперт Стадлерийг дизель түлшний хаягдлын асуудалтай холбогдуулан баривчилсан байна. Тус компанийг эзэмшдэг “Volkswagen”-ний төлөөлөгч ч уг явдлыг хүлээн зөвшөөрчээ.
Мьюнхений прокурорууд ноён Стадлер нотлох баримтуудыг дарах гэж оролдож болзошгүй хэмээн үзсэн учраас ийнхүү баривчилсан гэдгээ мэдэгдсэн байна. Гурван жилийн өмнө автомашинуудын төхөөрөмжийг түлш ялгаруулалтыг шалгах багажийг мэхлэх зориулалттай болгон өөрчилснөөр ийнхүү хэрэг эхэлжээ. Эдгээр төхөөрөмж эхэндээ “Volkswagen”-ний автомашинуудаас олдсон боловч дараа нь “Audi”-д илэрсэн байна.
Өнгөрөгч сард дизель түлш хэрэглэдэг А6 болон А7 загварын 60,000 машины ялгаруулах программ хангамжид асуудал гарсан байна. Өнгөрсөн онд компанийн зүгээс 850,000 автомашиныг эргүүлэн татсан бөгөөд тэдгээрийн зарим хэсэгт нь нэмэлт өөрчлөлт хийх шаардлагатай болсон аж.
Ноён Стадлер өмгөөлөгчтэйгөө нэг удаа ярилцсан бөгөөд түүнийг Лхагва гаригт байцаах юм байна.
Б.Болормаа