Манай хойд хөрш ОХУ-д хөлбөмбөгийн 2018 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн ид явагдаж байгаа энэ үед Монголын уулчид Алтайн нурууны салбар уулс Хөх Сэрхийн нурууны ноён оргил дээр далайн түвшнээс дээш 4127 м өндөрт хөлбөмбөг тогложээ.
Дэлхий даяараа хөл бөмбөгөөр амьсгалсан энэ өдрүүдэд Жаргалант уулчдын клуб болон Horizon hiking клубын хооронд хөлбөмбөгийн энэхүү нөхөрсөг тоглолт болсон байна. Ховд аймгийн Жаргалант, Horizon hiking клубын уулчид хамтран авирсан энэ аяллын хөтөчөөр Монгол Улсын гавьяат тамирчин, уулын спортын олон улсын мастер Т.Гүррагчаа ажилласан байна. Уулчид мөнх цаст оргилд авиралт хийж, хамт олноороо хүслээ биелүүлээд одоо гэртээ ирж яваа аж.