Цагдаагийн албан хаагчид амралтын газар нэгийгээ хөнөөсөн байж болзошгүй хэрэг өнгөрсөн онд гарсан. Уг хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа дуусч Багахангай, Налайх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжсэн байна. Шүүх хурал өнөөдөр Налайх дүүргийн шүүхийн танхимд болно.
Уг хэрэгт Б.Ө-г буруутган Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлджээ.
Хэргийн талаар эргэн сануулахад, өнгөрсөн 2015 оны есдүгээр сарын 9-10-нд шилжих шөнө Эрүүгийн цагдаагийн газрын Төлөвлөлт, зохион байгуулалтын хэлтсийн албан хаагчид Налайх дүүргийн VI хорооны нутаг дэвсгэрт байрлах Горхи-Мэлхий хад амралтын газар амрахаар очсон байдаг. Улмаар нэг алба хаагч амиа алдсан хэрэг гарсан. Талийгаачийн эхнэр гурван хүүгийн хамт амьдардаг бөгөөд хамт олондоо нэр хүндтэй, мэргэжлийн дадлага туршлагатай нэгэн байжээ. 23 жил цагдаагийн байгууллагад ажилласан, тулааны урлагаар амжилт гаргасан нэгэн байсан гэдгийг нөхөд нь дурсан ярьж байсан.