Хууль сахиулахын их сургуулийн Цагдаагийн сургуулийг “Цагдаа-Хууль сахиулах ажил” мэргэжлээр төгссөн төгсөгчдийг ажлын байранд томилж, цагдаагийн дэслэгч цол олгон, тангараг өргүүлэх ёслолын үйл ажиллагаа өнөөдөр Эргүүл, хамгаалалтын газрын жагсаалын талбайд боллоо.
“Цагдаа-Хууль сахиулах ажил” мэргэжил эзэмшсэн 162 гаруй төгсөгч Цагдаагийн ерөнхий газрын дарга, дотоодын цэргийн командлагчийн тушаалаар албан тушаалд томилогдож, тугандаа ёслон, эх орон, ард түмнийхээ амар амгалан амьдралын төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэхээ тангараглалаа. Монголын цагдаагийн байгууллагын бие бүрэлдэхүүн 100 гаруй офицероор бүл нэмж байна. Тэд гэмт хэрэгтэй тэмцэх, нийгмийн хэв журам сахиулах, олон нийтийн амгалан тайван байдлыг хангуулж, хууль сахиулахаар эх орны өнцөг булан бүрийг зорино.
Цагдаагийн тангараг
Монгол Улсын иргэн би Цагдаагийн албанд ажиллахдаа Монгол Улсын Үндсэн хууль бусад хууль, алба хаагчийн ёс зүй, сахилга, албаны нууцыг чанд сахин, чин шударгаар ажиллаж, шаардлага гарвал амь биеэ үл хайрлан зүтгэхээ батлан тангараглая. Би энэ тангаргаасаа няцваас хуулийн хариуцлага хүлээнэ хэмээн тэд тангараг өргөсөн юм.
Өнөөдрийн үйл ажиллагаанд цагдаа, дотоодын цэргийн байгууллагын удирдлагууд, алба хаагчид, офицеруудын гэр бүл, найз нөхөд оролцсон юм. Мөн энэ үеэр цагдаагийн “Сүлд” чуулгын алба хаагчид уран бүтээлийн дээжээсээ сонирхууллаа.