УИХ-ын Цахим бодлогын түр хороо өнөөдөр анхны хуралдаанаа хийж тус хорооны даргаар УИХ-ын гишүүн Н.Учралыг томиллоо.
Тус хороог байгуулах УИХ-ын тогтоолын төслийг УИХ өнгөрсөн тавдугаар сард баталсан юм. Тогтоолоор түр хороог УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр, Ё.Баатарбилэг, Ж.Батзандан, Б.Баттөмөр, Л.Болд нарын 26 хүний бүрэлдэхүүнтэй байгуулсан.
Тогтоолыг санаачлагчид дэлхий дахинд мэдээлэл харилцааны технологи ашиглан газар зүйн байршил, хүний амын тоо, эдийн засгийн боломжоос төдийлэн хараат бусаар хөгжлийн шинэ эрэмбэд хүрсэн жишээ, загварыг ашиглан улсын эдийн засагт хөгжлийн шинэ гарц боломжийг үүсгэн баялаг бүтээх, төрийн ажил, үйлчилгээг ил тод, шуурхай, шударга болгох, мэдээллийн аюулгүй байдлыг хангах, төрийн албыг цомхон чадварлаг шуурхай болгох арга зам, дүгнэлт, санал боловсруулах зорилго бүхий “Цахим бодлогын түр хороо” байгуулах зайлшгүй шаардлага үүссэн хэмээн үзсэн юм.
Түр хороо тодорхой асуудлыг шийдвэрлэхийн тулд байгуулагдаад, асуудал шийдэгдсэний дараа татан буугддаг аж. Нэг үгээр бол Байнгын хорооны бүрэн эрхийг хэрэгжүүлдэг юм байна.