Шадар сайд Ө.Энхтүвшин Монгол Улсын Засгийн газрын худалдаа, эдийн засгийн чөлөөт бүсийн асуудал эрхэлсэн гишүүний хувьд БНСУ-ын эдийн засгийн Инчён чөлөөт бүсийн захирагч Ким Жин Ёнтай уулзан, тус чөлөөт бүсийн үйл ажиллагаатай танилцсан юм.
Инчёнд эдийн засгийн чөлөөт бүс байгуулах төлөвлөгөө 1989 онд батлагдаж, 1992 онд анхны бүтээн байгуулалт, 2003 онд барилга байгууламжийн анхны ажил нь эхэлжээ. Нийт 6 тэрбум ам.долларын хөрөнгөөр боссон энэхүү чөлөөт бүс БНСУ-ын эдийн засагт маш том хувь нэмэр оруулдаг аж.
Инчён чөлөөт бүс бизнес, санхүү, аялал жуулчлал, ложистик гэсэн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Смарт сити буюу ухаалаг хот концепцыг хөгжлийн зорилгоо болгон нэвтрүүлсэн Инчён чөлөөт бүсэд өдгөө Бельги, Франц зэрэг орны 80 орчим гадаадын компани хөрөнгө оруулан ажиллаж байна. Татварын онцгой нөхцөлөөр бизнесийг дэмжих, ажлын байр нэмэгдүүлэхээс гадна эрдэм шинжилгээ, судалгааны төвүүдийг татах бодлогыг ч баримталдаг аж. Дэлхийд тэргүүлэгч Кэмбрижийн их сургуулийн Биотехнологийн төв, Стэнфордын их сургуулийн Мэдээллийн технологийн төв ойрын хугацаанд Инчёны чөлөөт бүсэд байгуулагдан үүдээ нээхээр ажиллаж байна.
Шадар сайд Ө.Энхтүвшин Инчён чөлөөт бүсийн туршлагаас хуваалцах, хамтран ажиллахыг хүслээ. Тус бүсийн захирагч Ким Жин Ён “Монголын чөлөөт бүсийн хөгжлийг дэмжиж хамтран ажиллахад баяртай байх болно” гэв. Түүний хэлснээр, Инчён чөлөөт бүсийн туршлагыг судлахаар Эквадор, Панам, Филиппин, Энэтхэгээс ирж байжээ.