Монгол Улсын Эрүүл мэнд, спортын яам, Япон улсын Сисмекс корпораци хоорондын хамтын ажиллагааны хүрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээнд ЭМСС-ын үүрэг гүйцэтгэгч Ц.Оюунбаатар тус корпорацийн тэргүүн дэд захирал Масаёши Хаяаши нар өнөөдөр гарын үсэг зурлаа.
Эрүүл мэнд, спортын яамтай тус корпораци нь 2008 оноос эхлэн цусны ерөнхий шинжилгээ, 2011 оноос цусны биохимийн шинжилгээний чанарын гадаад хяналтын тогтолцоо бүрдүүлэх чиглэлээр хамтран ажиллаж ирсэн бөгөөд, эрүүл мэндийн салбарт лабораторийн оношлогоо шинжилгээний чанарыг сайжруулахад үнэтэй хувь нэмэр оруулсаар ирсэн билээ.2014 онд байгуулсан гэрээнд заасны дагуу дахин нэг төрлийн шинжилгээний чанарын хяналтын тогтолцоо бүрдүүлэхэд хамтран ажиллахаар тусгаж, элэгний хепатит В болон С вирус, ХДХВ/ДОХ, тэмбүү гэсэн 4 халдварт өвчний шинжилгээний чанарын гадаад хяналтыг хэрэгжүүлэхээр гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулсан аж.
Энэ удаагийн гэрээнд нэмэлт өөрчлөлт орсноор чанарын гадаад хяналт хийхэд шаардлагатай иммунологийн бүрэн автомат анализаторыг Халдварт өвчин судлалын үндэсний төв, Цус сэлбэлт судлалын үндэсний төвд тус бүр үнэ төлбөргүй суурилуулж, лабораторийн тоног төхөөрөмж, чанарын хяналтын материал, тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээний сэлбэг хэрэгслийг гэрээний хугацаанд үнэ төлбөргүйгээр нийлүүлэхээр боллоо. Мөн энэ үеэр өдөр лабораторийн чанарын удирдлагын тогтолцоо, хүчин чадлыг сайжруулахад шаардлагатай тоног төхөөрөмжийг дагалдах хэрэгслийг Халдварт өвчин судлалын үндэсний төв, Цус сэлбэлт судлалын үндэсний төвийн удирдлагуудад хүлээлгэн өглөө.