Монгол Улсын Засгийн газраас тав дахь жилдээ зохион байгуулж буй “Оюутан цэрэг” сургалтын цэргийн мэргэжлийн бэлтгэл сургалтын нээлтийн ажиллагаа ҮБХИС-ийн Шархад дахь хээрийн сургалтын төвд боллоо.
Энэхүү “Оюутан цэрэг” сургалт нь их, дээд сургуулийн оюутан залуусыг цэргийн мэргэжлийн бэлтгэл сургалтад хамруулснаар өвөг дээдсийнхээ дайчин өв уламжлал, өнөөгийн цэрэг, армийн ололт амжилтаас суралцсан, эх оронч хүмүүжилтэй, оюунлаг, өндөр боловсролтой өв тэгш монгол хүнийг төлөвшүүлэх зорилготой юм.
“Оюутан цэрэг-2018” цэргийн мэргэжлийн бэлтгэл сургалтын нээлтийн ажиллагаанд УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд, УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа, Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга, бригадын генерал Х.Батбилэг, Зэвсэгт хүчний жанжин штабын нэгдүгээр орлогч дарга, хошууч генерал Р.Сүхбат, ҮБХИС-ийн захирал хурандаа П.Жаргалан, БСШУСЯ-ны Дээд боловсролын хэлтсийн дарга Т.Амаржаргалан нар болон МУИС, МУБИС, ШУТИС, ХААИС зэрэг их сургуулиудын захирлууд оролцов.
Батлан хамгаалах салбарын эрх зүйн шинэчлэлийн хүрээнд Цэргийн албаны тухай Монгол Улсын хуулиар цэргийн алба хаах нэг хэлбэр болсон уг сургалтад 2018 онд 1500 оюутан бүртгүүлснээс Улаанбаатар хотод 650, хөдөө орон нутагт 350 нийт 1000 оюутан хамрагдаж байна. Эдгээр оюутан залуус дөрөвдүгээр сарын 1-нээс зургадугаар сарын 01-ний хооронд онолын сургалтад хамрагдсан бол ийнхүү цэргийн мэргэжлийн бэлтгэл сургалтаа эхлүүлж байна. Гар утас, интернэтгүй вакуум орчинд явагддаг цэргийн мэргэжлийн сургалтанд хамрагдаж буй залуустай сургалтын хугацаанд ганцхан удаа уулзалт зохион байгуулдаг бөгөөд энэ жил долдугаар сарын 13-нд ар гэрийнхэнтэйгээ уулзах юм.
Эх сурвалж: Батлан хамгаалахын яам