120 мянгатын автобусны буудлын хойд талд энэ сарын эхээр нээгдсэн “Шинэ Хан-Уул” цэцэрлэгт хүрээлэнгийн баримлуудыг эвдэж, сүйтгэжээ. Энэхүү цэцэрлэгт хүрээлэн ашиглалтад ороод удаагүй байгаа. Баримлуудыг эвдэлж сүйтгэх, хулгайлах зэргээс сэргийлэх үүднээс камерийн хяналтыг сайжруулж, цэцэрлэгт хүрээлэнг бүхэлд нь хянах камержуулалт болон услалтын иж бүрэн системийг шинэчлэн хийсэн талаар албаныхан мэдээлж байсан хэдий ч шөнийн цагаар баримлуудыг сүйтгэсэн тул буруутай этгээдүүдийн царайг тодруулж чадахгүй байгаа аж.
Өдрийн цагаар цэцэрлэгт хүрээлэнд хяналт тавьдаг ХУД-ийн Тохижилт үйлчилгээний хэлтсийн мастер Д.Бат-Эрдэнэ “Хүмүүс үнэхээр ухамсаргүй юм. Хүүхдүүдээ хашлага давуулж оруулж тоглуулаад баримлууд дээр суулгаж тоглуулдаг. Болохгүй гээд шаардлага тавихаар элдвээр хэлж хараадаг. Настай хүмүүс хүртэл ач, зээгээ оруулж тоглуулаад шаардлага тавьсан хүнийг эсэргүүцэж, элдвээр хэлэх юм.
Бидний зүгээс өдөртөө цэвэрлэгээ хийх үеэрээ хяналт тавьдаг. Бас ойр орчимд амьдардаг ахмадууд хяналт тавьж байсан ч сүүлдээ “Орилсоор байгаад хоолой өвдлөө. Бие дийлэхгүй нь” гээд хяналт тавих нь багассан.
Ихэвчлэн жижиг буюу туулай, шувууны баримлууд гэмтэж, бяцарсан. Бас буганы эвэр хугарсан. Яах учраа олохгүй эврийг нь өрөөндөө оруулж хадгалчихаад сууж байна” гэв.
2.2 га талбайд ногоон байгууламжтай таван тивийн 41 төрлийн 200 гаруй ан амьтадын баримал хөшөөтэй цэцэрлэгт хүрээлэнг 49 сая төгрөгөөр шинэчлэн байгуулсан ч 10 гаруйхан хоногийн дотор баримлуудыг эвдэлжээ.