Нийслэлийн удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан \”Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв”-д боллоо. Хуралдаанаар Нийслэл, дүүргийн хөрөнгө оруулалтаар хийгдэх ажлын гүйцэтгэлийг сайжруулах, нэгдсэн хяналтын тогтолцоонд шилжүүлэхтэй холбогдуулан Нийслэлийн худалдан авах ажиллагааны газар, Хөрөнгө оруулалтын газар, Авто замын газруудын гүйцэтгэгч байгууллагуудтай харилцах үйл ажиллагааг \”Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв”-д төвлөрүүлэн Нийслэлийн худалдан авах ажиллагааны танхим байгуулах, Эзэнгүй нохой, муур устгалын ажлын зардлыг шинэчлэх асуудлыг хэлэлцлээ.
Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвд \”Нийслэлийн худалдан авах ажиллагааны танхим”-ыг байгуулснаар Худалдан авах ажиллагаа, Хөрөнгө оруулалт, Авто замын газар гүйцэтгэгч байгууллагуудтай төсөл, хөтөлбөр дээр хамтран ажиллахдаа хүсэлт хүлээж авахаас эхлээд гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах хүртэл худалдан авах ажиллагааны бүх үйл явц тус танхимд нээлттэй явагдах юм. Тус үйл явцыг хуульд нийцүүлэн зохион байгуулахаар холбогдох журам гаргаж, ирэх даваа гарагийн нийслэлийн удирдлагын зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэхээр боллоо. Журамд холбогдох газруудын үйл ажиллагааг дэлгэрэнгүй тусгана.
Харин эзэнгүй нохой, муур устгалын ажлын зардлыг шинэчлэх асуудлыг лхагва гарагт 11 цагаас болох нийслэлийн Засаг дарга дүүргийн Засаг дарга нартай хийх удирдлагын хуралдаанаар хэлэлцэхээр боллоо. Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас одоо мөрдөж буй 7500 төгрөгийг 11 800 төгрөг болгох хүсэлтэй байгаа юм.
Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв ажиллаж эхэлсэнээс хойш /2016.01.04/ 124 550 иргэнд үйлчилгээ үзүүлээд байна. Үйлчилгээ авч буй иргэдгийг дүүргээр ангилвал үйлчилгээний төвийн байршлаас хамаарч Баянзүрх дүүргийн иргэд үйлчлүүлэх нь их байгаа юм. Энэ үеэр нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн дараагийн салбарыг Хан-Уул дүүргийн Мишээл экспо төв, Сонгинохайрхан дүүргийн Драгон төвд байгуулах бэлтгэл ажил үргэлжилж байгаа бөгөөд ирэх 4 дүгээр сард ашиглалтад оруулна гэдгийг Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвөөс мэдээллээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.