АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп, ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин нарын дээд хэмжээний уулзалт Финландын нийслэл Хельсинк хотод боллоо. Хэлэлцээр хоёр үе шаттай болсон бөгөөд эхний шатанд хоёр орны тэргүүн нар ганцаарчилан уулзсан бол удаахи шатанд хэлэлцээр өргөтгөсөн бүрэлдэхүүнтэйгээр үргэлжлэв. Хэлэлцээрийн явцад Трамп, Путин хоёр олон сэдвийг хөндсөн бөгөөд үүнд цөмийн аюулгүй байдал, эдийн засаг, бүс нутгийн зөрчлүүд, соёлын хамтын ажиллагаа зэрэг асуудлууд багтжээ. Хоёр улсын төрийн тэргүүнүүд анх удаа хаалттай уулзалт хийсний дараа 2016 оны Америкийн ерөнхийлөгчийн сонгуульд Кремлийн эзэд нөлөөлөх гэж оролдоогүй гэсэн мэдэгдлийг хоёул хамт хийсэн юм.
Ерөнхийлөгч В.Путин сонгуульд нөлөөлөх ямар ч оролдлого хийгээгүй хэмээн мэдэгдэж, Трамп түүнд итгэж байгаагаа илэрхийлсэн нь Америкийн тагнуулынхан, хууль тогтоогчид, үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн байр суурьтай зөрчилджээ.
Тэгвэл Өрнөдийн орнуудын гол гол хэвлэлүүдийн тэргүүн нүүрэнд Дональд Трампыг шүүмжилсэн мэдээллүүд ар араасаа цуварч эхэлжээ. АНУ-ын нэрт улс төр судлаач, профессор Джаред Секстон The Globe and Mail сонинд энэ талаар бичихдээ “Хельсинк хотноо болсон Путин, Трамп нарын саяын уулзалт нь АНУ-ын түүхэн дэх хамгийн аймшигтай дүр зураг байлаа, АНУ-ын төрийн тэргүүн Оросын алуурчин дарангуйлагчийн гутлыг үнссэн нь гутамшигтай зүйл юм. Ерөнхийлөгч Трамп 2016 оны Америкийн ерөнхийлөгчийн сонгуульд Кремлийн эзэд нөлөөлөх гэж оролдоогүй гэсэн мэдэгдлийг хийсэн нь үнэхээр ухаангүй явдал болсон. Дональд Трамп гадаадын дайсанд ингэж тусалж байгаа нь эх орноосоо урваж байгаатай огтхон ч ялгаагүй” хэмээн онцлон тэмдэглэжээ.