Реалити шоуны од болсон Кардашианыхны нэг Кайли Женнер 20 насандаа өөрийн хүчээр тэрбумтан болох гэж буй хамгийн залуу эмэгтэйгээр тодорч буйг Форбес сэтгүүлийнхэн онцолжээ. Тэрээр 900 сая ам.долларын хөрөнгөтэй аж. Бизнесийн чиглэлийн онцлох мэдээллийг хүргэдэг тус сэтгүүлээс олон нийтийн сүлжээний од бүсгүйг “өөрийн хүчээр тэрбумтан болсон хамгийн залуу хүн” хэмээн тодотгосон байна. Загварын ертөнцөд нэр хүндтэй хамгийн залуу Кардашиан тэрээр хоёр жилийн өмнө өөрийн гоо сайхны бүтээгдэхүүний бизнесийг эхлүүлсэн юм.
Харин түүний эгч, 37 настай Ким Кардашианы хөрөнгө 350 сая ам.доллараар хэмжигддэг аж. АНУ дахь хуулийн дагуу архи уух насанд хараахан хүрээгүй байгаа Женнер ирэх наймдугаар сард 21 нас хүрэх гэнэ. Эгч Ким нь амжилт өөд ширүүхэн тэмцэж байсан ч, тэрхүү хүслийг нь Кайли Женнер гүйцэлдүүлж чадсан юм.
Тэрээр 2015 онд “Keeping Up With The Kardashians” цувралын үеэр уруулынхаа хэлбэрийг түр хугацаанд өөрчлөхийг хүсч байжээ. Тиймээс дараа нь уруулаа том харагдуулахыг хүсдэг хэрэглэгчдэд туслах зорилготой “Kylie Cosmetics” бизнесээ эхлүүлсэн аж. Түүнийг гоо сайхын мэс засалд орсны дараа олон эмэгтэй уруулаа томруулахыг хүсэх болжээ. Женнерийн байгуулсан компани 800 сая ам.долларын үнэлгээтэй юм.
Форбес сэтгүүлээс гаргасан Америк дахь өөрийн хүчээр тэрбумтан болсон эмэгтэйчүүдийн жагсаалтад 27 дугаар байранд Женнер бичигджээ. Ингэснээр тэрээр Барбра Стрейзанд, Бэйонси Нөүлс, Тэйлор Свифт нарын эгнээнд багтаж байгаа юм. Мөн Женнертэй харьцуулахад Фейсбүүкийн үүсгэн байгуулагч Марк Цукерберг түүнээс арай хожуу буюу 23 насандаа тэрбумтан болж байсан билээ.
Б.Болормаа