Энэ сарын 18-нд буюу өчигдөр галт зэвсгээр зэвсэглэсэн хоёр этгээд ОХУ-ын Москва хотод орших Бинбанкийн оффист дайран орж мөнгө дээрэмдээд зугтжээ. Ороосын хэвлэлүүдийн мэдээлж байгаагаар дээрэмчид ойролцоогоор 11 сая рубль дээрэмдсэн байна. Харин Бинбанкийн зүгээс хэдий хэмжээний мөнгө алдсанаа нууцалж байгаа юм байна. Москва хотын цагдаагийн газрын төлөөлөгчийн мэдээлсэнээр дээрэмчдийг эрэн сурвалжлах ажиллагааг хот даяар өрнүүлж байгаа бөгөөд дээрэмчдийн нэг нь мотоциклийн малгайтай байсан ажээ. Одоогоос сарын өмнө банк дээрэмдсэн өөр нэг хэрэг ОХУ-д гарч байсан бөгөөд нэгэн тэтгэврийн хөгшин байр худалдаж авах мөнгө ачдаа олж өгөх үүднээс дээрмийн бүлэглэл байгуулан Ленинградын муж дахь нэгэн банкны салбарт дайран орж удалгүй баригдаж байжээ.