Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамбыг 2015 оны 11 дүгээр сард АТГ-аас авлигын хэрэгт сэжиглэн саатуулсан билээ. Түүнээс хойш эрүүл мэндийн салбар сайдгүй байгаа бөгөөд сайдын үүргийг Шадар сайд Ц.Оюунбаатар давхар хашиж буй.
Харин сайдын асуудлыг энэ хаврын чуулганаар оруулж шийдүүлнэ гэдгийг Ерөнхий сайд Ч.Сайханбилэг мэдэгдсэн юм. Одоогоор ЭМС-ын сайдаар хэнийг томилох вэ гэдэг нь тодорхойгүй байгаа аж. Гэхдээ МАХН-ынхнаас сайдын суудлаа хадгалж үлдэхийн тулд энэ асуудлыг нам дотроо ярилцаж байгаа сурагтай.
Тухайлбал УИХ-ын гишүүн О.Баасанхүү \”ЭМС-ын сайдыг надаас өөр хийх хүн байхгүй. Гэхдээ Ч.Сайханбилэгтэй хамтарч ажиллаж чадахгүй” гэсэн байна. Мөн хуучин сайдаар ажиллаж байсан Н.Удвалын нэр ч яригджээ. Нэг хэсэг МАХН-ын дарга Н.Энхбаяр Шадар сайд болж, Ц.Оюунбаатарыг ЭМС-ын сайд болгох гэж үзсэн ч тусыг эс олсон билээ. Мөн Шадар сайд нь эрүүл мэндийн салбарыг давхар удирдаж байгаа нь буруу гэдгийг намын дэд дарга асан Д.Тэрбишдагва хүртэл мэдэгдэж байсан. Ямартай ч энэ хаврын чуулганаар ЭМС-ын сайдын асуудал нэг тийш шийдэгдэх бололтой.