Архангай аймгийн Өндөр-Улаан, Хашаат сумдын нутагт түр зуурын, хүчтэй салхитай, усархаг аадар бороо орж, багагүй хохирол учруулжээ. Тодруулбал, долдугаар сарын 25-ны өдрийн 20:00 цагийн орчимд тус аймгийн төвөөс баруун хойд зүгт 130 км газарт аадар бороо орж, хүчтэй салхилсны улмаас сумын төвийн 30 гаруй айлын гэр, хашаа нурж, байшингийн дээвэр хууларсан байна.
Архангай аймгийн Онцгой байдлын газраас тодруулахад “Салхи шуурга долдугаар сарын 25-ны өдрийн 09:10 минутад болсон. Бэртэл авсан иргэдийн хувьд бүгд хөнгөн бэртсэн. Хөнгөн хэмжээний шалбарсан гэмтлүүдээ эмнэлгийн тусламж үйлчилгээ авч боолгосон. Салхинд хийссэн гэрүүдээ өнөөдөр бүгд буцааж барьсан.
Одоогийн байдлаар хохирлын хэмжээний тухай нарийн тоон мэдээлэл тогтоогдоогүй байна. Холбогдох албаны хүмүүс тогтоохоор ажиллаж байгаа гэв.