Өвөрхангай аймгийн Мэргэжлийн хяналтын газраас ард иргэдэд мод, зэс, гуулин сав суулга хэрэглэж хэвших уриалга гаргалаа. \”Нарантуул\” зах дээр наймаачдын борлуулж буй 10-120 литрийн багтаамжтай, долоон төрлийн хуванцар савыг МХЕГ шинжилгээнд хамруулахад ДЭМБ-аас зөвшөөрсөн хэмжээ, манай улсад мөрдөж буй стандартад заасан хүлцэх хэмжээнээс хар тугалга 60-800, формальдегид 800-6900, формалины үлдэгдэл 27.0-53.43 мг/л (илрэх ёсгүй), аммиак 27 дахин их байгаа нь тогтоогджээ. Ийм саванд хадгалсан сүүнээс 3-4, айрагнаас дөрөв дахин их (байж болох хэмжээнээс) хар тугалга илэрсэн байна. Тиймээс айраг, цагаагаа хөхүүр, домбонд исгэж, ундны усаа мод, гууль, зэвэрдэггүй ган, шил, шаазан саванд хийж, хэрэглэж хэвшихийг олон нийтэд хандан уриалав.