Германы өмнөд хэсэгт насанд хүрээгүй хүүхдүүдийг садар самуунд уруу татдаг нэгэн хар сүлжээнд есөн настай хүүгээ худалдсан эмэгтэйд шүүхээс 12 жил зургаан сарын ял ногдуулсан байна. Фрайбург хотын шүүхээс уг эмэгтэйд ял оноохын зэрэгцээ түүний хамтран амьдрагч буюу хүүгийн хойд эцэгт мөн 12 жил шоронд хоригдох шийтгэл ногдуулжээ. Энэхүү шүүх хурал өнгөрөгч зургадугаар сард эхэлсэн аж.
Германы иргэншилтэй 48 настай, 39 настай тус хоёр иргэн хоёр жилийн хугацаанд хүүд бэлгийн хүчирхийлэл үзүүлж байсныг хуулийн байгууллагынхан тогтоожээ. Дээрх хар сүлжээ нь интернэт орчинд өргөн тархсан сүлжээ юм байна.
Мөн уг хүүд дахин бэлгийн хүчирхийлэл үзүүлсэн Испани эрд шүүхээс арван жилийн ял оноожээ. Уг хэрэгт холбогдуулан дахин таван эрэгтэйг шалгаж байгаа аж. Дээрх хосыг шүүх байгууллагаас хүчирхийлэл, насанд хүрээгүй хүүхдийг бэлгийн ёс бус үйлдэлд татан оролцуулсан, хүчээр биеийг нь үнэлүүлсэн, хүүхдийн порнографийг тараасан хэргүүдэд буруутгажээ.
Хэргийн хохирогч болсон хүү одоо асран хамгаалагч эцэг, эхийн хамт амьдарч байгаа аж. Хэрэгтэн хосын хувьд хүүд болон хэргийн бас нэгэн хохирогч болсон гурван настай охинд учруулсан хохирлынхоо төлөө 42,500 евро төлөх юм.
Хүүд тохиолдсон аймшигт хэрэг хуулийн байгууллагынхныг ихээхэн цочролд оруулжээ. Түүнийг дор хаяж 60-аас дээш удаа бэлгийн халдлагад өртсөн гэж тэд үзэж байгаа юм. Тэдгээр тохиолдын ихэнхийг дүрс бичлэгт буулгасан байжээ.
Зөвхөн хуулийн байгууллага бус, Герман даяараа уг хэргийг цочирдон хүлээн авсан гэдгийг эх сурвалж онцолж байгаа юм.
Б.Болормаа