ЗТХЯ-ны газрын дарга нар нэгнийхээ амь насанд хүрсэн харамсалтай хэрэг гарсан талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. Тодруулбал, тус яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга М нь хамтран ажиллаж байсан Хяналт шинжилгээ үнэлгээ дотоод аудитын газрын дарга Г-гийн амь насанд хүрсэн байдаг. Тиймээс Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс М-г яллагдагчаар татаж, нэг сар цагдан хорих шийдвэрийг гаргаад байгаа билээ. Түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна.
Болсон явдалтай холбогдуулан ЗТХЯ-ны удирдлагууд талийгаачийн гэрт очиж эмгэнэл илэрхийлжээ. Тодруулбал, өчигдөр өглөө ЗТХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Бат-Эрдэнэ гэрт нь очсон бол үдээс хойш ЗТХ-ийн сайд Ж.Бат-Эрдэнэ өөрийн биеэр очиж талийгаачийн ар гэрийнхэнтэй уулзаж, эмгэнэл илэрхийлсэн байна. Талийгаач нь эхнэр дөрвөн хүүхдийн хамт амьдардаг байжээ.