Aжлаа мэддэггүй, арын хаалгаар албан тушаал хүртсэн, мэргэжлээрээ цаашид ажиллах хүсэл тэмүүлэлгүй, ажилдаа дургүй хүмүүс жирийн иргэдэд их зан гаргадаг гэдгийг судлаачид тогтоожээ. Хэн нэгний татаасаар өндөр албан тушаалд томилогдсноо их юманд бодож, эргээд хөрсөн дээрээ буухгүй юм шиг зан авир гаргадаг нь амар хялбар замаар албан тушаалд томилогдсонтой нь холбоотой байдаг аж.
Харин юм үзэж нүд тайлсан, олон хүнтэй уулзаж, ажил төрөл хөөцөлддөг, ажил мэргэжилдээ дуртай хүмүүс бусадтай харьцахдаа энгийн сайхан харьцдаг юм байна.
Анзаарсан бол салбартаа амжилт гаргаж байгаа, мэргэжлийнхээ түвшинд бусдад танигдсан хүнээс сонирхсон зүйлээ асууж тодруулахад дор нь учрыг тайлбарлаад, тухайн хүнд сайн ойлгуулаад, зөв ойлголт өгөөд явуулдаг. Харамсалтай нь өнөөдөр Монголд ийм хүн маш цөөхөн байна. Энэ нь ялангуяа манай төрийн алба мэргэшсэн, мэргэжилдээ дуртай хүмүүсээр бус ар өврийн хаалганы их зантуудаар дүүрсний тод илрэл билээ.