Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнгөрсөн 2015 оны хоёрдугаар сард татвар төлөхөөс зайлсхийсэн хэргээр ял эдэлж байсан АНУ-ын иргэн Жастин Капла, Бүгд найрамдах Филиппин улсын иргэн Кристобал Ж.Дэвид, Хилармон В.Кажуком нарт уучлал үзүүлсэн билээ.
Дээрх иргэдэд ийнхүү уучлал үзүүлсэн тухайгаа Ерөнхийлөгч тухайн үед твиттер хаягаараа дамжуулан, \”УУЧЛАЛ: Хүнд шийдвэр байлаа. Монголоо хараалгаад суух уу, өөрийгөө хараалгах уу. Монголоо бодох уу, өөрийгөө бодох уу? Монголдоо би хайртай\” хэмээн байр сууриа илэрхийлж байсан юм.
Тэгвэл өнөөдөр УИХ-ын гишүүн Г.Уянгын зүгээс Ж.Капла, К.Ж.Дэвид, Х.В.Кажуком нарт уучлал үзүүлсэн зарлигийг хүчингүй болгох асуудлыг УИХ-аар хэлэлцүүлэх тухай албан бичгийг УИХ-ын дарга З.Энхболдод хүргүүлсэн байна.
Энэ тухайгаа Г.Уянга, \”Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн АНУ-ын иргэн Ж.Капла, БНФУ-ыг иргэн К.Ж.Дэвид , Х.В.Кажуком ЖР нарт уучлал үзүүлсэн зарлигийг хүчингүй болгох асуудлыг УИХ-аар хэлэлцүүлэх, мөн зарлиг нь Монгол улсын Үндсэн хуулийг зөрчсөн эсэх талаар ҮХЦэцийг дүгнэлт гаргуулахаар ҮХЦ-д хандахыг хүсч УИХ-ын даргад албан бичиг хүргүүллээ. Гадна дотнын хэн ч хуулийн дор ижил тэгш байх ёстой. Ардчилал, хуулийн засаглал гэж үүнийг л хэлдэг\” хэмээжээ.