Авлигатай тэмцэх газрын гадаа өмгөөлөгч Г.Нацагдорж өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэрээр нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Су.Батболд “Макс” группын эзэн Д.Ганбаатарын газрын төлбөрөө төлөөгүйгээс эзэмших эрх нь цуцлагдсан 70 га газрыг буцаан олгохдоо авлига авсан байж болзошгүй баримтуудыг АТГ-т шалгуулахаар өгнө. Хуучин улсын наадмын хурдан морины барианы газар байсан Яармагийн урд дэнжид морин тойруулга байгуулах зорилгоор 2000 онд 70 га газрыг Д.Ганбаатар авсан байдаг. Гэтэл олон жил төлбөр төлөөгүйн улмаас уг газрын зөвшөөрлийг 2015 онд цуцалсан байжээ. Харин Су.Батболдын 2018 оны А/726 тоот тушаалаар ХУД-ийн 5-р хороо, Яармагт байрлалтай дээрх 70 га газрын 54,1 га-г “Макс” Ганбаа-д ямар ч сонгон шалгаруулалтгүйгээр дахин олгосон байна. Үлдсэн 15 га газраас 2,2 га газрыг өөрийн шадар туслах Э.Анарын нэр дээр, мөн 2,2 га-г Б.Оюун-Эрдэнэд олгосон байна. Эдгээр газар олголтуудыг нэг тушаалаар л шийдчихсэн нь авлига авсан байж болзошгүй гэх хардлага дагуулж байна гэдгийг хэлсэн юм. Мөн Уяачдын наймаа үүгээр дуусахгүй, цаашид үргэлжлүүлэн мэдээлэх болно гэдгийг ч хэлсэн юм.