Өнгөрсөн сард тусгай албаныханд хулгайлагдах гэж байсан гэгддэг Монгол дахь Турк сургуулийн захирал Вейсэл Акчай НҮБ-ын Дүрвэгсдийн асуудал хариуцсан дээд комиссарт хандаж, тусламж хүссэн захидал бичжээ. Вейсэл Акчайн өмгөөлөгчийн бичсэн уг захидалд өнгөрсөн сарын 27-нд Вейсэл Акчайг Улаанбаатар дахь гэрийнх нь гаднаас хулгайлж, тусгай нисэх онгоцоор авч явахыг завдсан боловч Монголын засгийн газрын албан ёсны шийдвэрийн үр дүнд аврагдсан болохыг дурьдсан бөгөөд өдгөө Монголын эрх баригчид түүнийг өөр бусад улс орон руу зорчихыг хориглосон нь ноён Акчайг Турк улсад хууль бус замаар шилжүүлэгдэх эрсдлийг улам бүр нэмэгдүүлж байна хэмээжээ. Тиймээс эдгээр шалтгаануудын улмаас түүний өмгөөлөгч НҮБ-ын Дүрвэгсдийн асуудал хариуцсан дээд комиссарт хандаж Вейсэл Акчай болон түүний гэр бүлийг гуравдагч улс оронд аюулгүй зорчих боломжийг яаралтай хангаж өгөхийг уг захидлаар дамжуулан хүссэн байна.