Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо анх удаа зохиогдох хөлбөмбөгийн “Зүүн Азийн АШТ-ий урьдчилсан шатны тэмцээн” /EAFF E-1/ өнөөдөр 13:00 цагт Гуам, Умард Марианы Арлууд улсуудын тоглолтоор эхэлнэ.
Тэмцээний техникийн зөвлөгөөн болон хэвлэлийн бага хурал өчигдөр/09.01/ МХБХ-ны байранд тэмцээнд оролцогч багуудын дунд боллоо. Монгол, Гуам, Макао, Хойд Марианы Арлууд гэсэн дөрвөн улсын эрэгтэй, эмэгтэй үндэсний шигшээ багууд оролцож буй Зүүн Азийн АШТ-ий эрхийн төлөөх тэмцээний тоглолтууд 09 сарын 02-07-ы хооронд МХБХ-ны цэнгэлдэх хүрээлэн, Төв цэнгэлдэх хүрээлэнд явагдана.
Майкл Вайсс дасгалжуулагчтай Монголын эрэгтэйчүүдийн шигшээ баг эхний тоглолтоо өнөөдөр 17:00 цагт МХБХ-ны цэнгэлдэх хүрээлэнд Макао улсын багтай хийнэ. Ахлах дасгалжуулагч Майкл Вайсс “Монгол, Гуам, Макао гэсэн гурван улс тун ойролцоо, сонирхолтой өрсөлдөөн үзүүлэх төлөвтэй байгаа учраас сайхан тэмцээн болно гэдэгт эргэлзэхгүй байна.” хэмээлээ.
Харин Монголын шигшээ багийн ахлагч Д.Төрбат “Бид нутаг дээрээ тоглож байгаа учраас илүү давуу талтай. Манай багийнхан үзэгчиддээ үзүүштэй, гоё хөлбөмбөг үзүүлэхийг хичээж байна.” хэмээн итгэл дүүрэн ярилаа.
Хөгжөөн дэмжигч та бүхэн Монголын эрэгтэй, эмэгтэй шигшээ багуудаа “хожлын төлөө” уухайлан дэмжээрэй.