Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газар гол, усыг хуванцар хог хаягдлаас ангижруулах ажилд талуудыг татан оролцуулах зорилгоор “Гол, усыг хог хаягдлаас ангижруулах” санаачилга гаргасан юм байна. Энэ санаачилгын эхлэл амжилттай тавигдаж нутгийн зүүн бүс дэх Хэрлэн голыг хуванцар хог хаягдлаас ангижруулах ажлыг иргэдийн оролцоотойгоор хийж эхэлжээ. Санаачилгын хүрээнд олон ажил хийхээр төлөвлөсөн бөгөөд эхний ээлжинд Хэрлэн голын дагуух хог хаягдлыг цэвэрлэх ажлыг хийсэн аж.
Хэрлэн гол нутгаар нь урсдаг Дорнод, Хэнтий аймаг, Багануур дүүргийн нийт 3000 гаруй иргэн энэ аянд оролцож нийтдээ 105 тн хог түүж цэвэрлэсэн байна. Энэ нь ачааны 35 “Портер” дүүрэн хог гарсан гэсэн үг. Түүнчлэн голын эрэг дагуу тодорхой цэгүүдэд хогийн сав байрлуулсан төдийгүй аяны талаархи мэдээлэл бүхий самбарыг байрлуулжээ.
Иргэд голын эргээр зугаалахдаа ундааны хуванцар сав, гялгар уут их хаядаг. Тиймээс хуванцар хог хаягдлын хор холбогдлыг олон нийтэд сурталчлахад цаашид анхаарч ажиллана гэдгээ зохион байгуулагчид онцолсон юм. Талууд жилийн хугацаанд хийх ажлын төлөвлөгөөгөө нарийвчлан боловсруулж, аяныг амжилтад хүргэх тал дээр идэвхи санаачилгатай ажиллахаа илэрхийллээ.