ШӨХТГ-өөс 2016-2017 оны хичээлийн жилийн сургалтын төлбөрийг тогтоож, их, дээд сургуульд элсэн орох босго онооны хамт олон нийтэд зарлахыг зөвлөж байна. Тодруулбал, Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг өмчийн бүх төрөлд хамрагдах 20 гаруй томоохон их, дээд сургуулиудад зөвлөмж хүргүүлжээ. Зөвлөмжид их, дээд сургуулиудын босго оноо зарлагдаж байгаа энэ үед ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл эхлэхээс өмнө сургуулийнхаа удирдах зөвлөлийг хуралдуулж 2016-2017 оны хичээлийн жилийн сургалтын төлбөрийг тогтоож, их, дээд сургуульд элсэн орох босго онооны хамт олон нийтэд зарлахыг зөвлөсөн. Их, дээд сургуулиуд ийнхүү ирэх хичээлийн жилийн сургалтын төлбөрийн мэдээллийг хавар олон нийтэд ийнхүү зарлах нь дараахь ач холбогдолтой юм. Үүнд:
- Ерөнхий боловсролын сургууль төгсөгчид мэргэжлээ сонгоход үнэн зөв мэдээлэлтэй болсон байна.
- Сургалтын төлбөр, сургуульд элсэх босго оноо элсэгч бүрт нээлттэй болсон байна.
- Эцэг, эхчүүд, оюутнууд ирэх хичээлийн жилийн сургалтын төлбөрөө бэлдэх боломж бүрдэнэ.
- Их, дээд сургуулийн 2, 3, 4 дүгээр дамжаанд дэвшин орох оюутнууд хавар сургууль төгсөхдөө сургалтын төлбөр хэрхэн өөрчлөгдөх талаарх мэдээлэлтэй болсон байна.
Ингэснээр хавар их, дээд сургуулиуд ирэх хичээлийн жилийн сургалтын төлбөрийн өөрчлөлтийг нийтэд мэдээлж, элсэгчдэд үнэн бодит мэдээлэл өгснөөр намар хичээлийн жил эхлэх үед эцэг, эх, оюутнуудаас гаргадаг сургалтын төлбөртэй холбоотой өргөдөл, гомдол гарахгүй болно гэж бид үзэж байна.
Өмнөх жилүүдэд их, дээд сургуулиуд сургалтын төлбөрийг инфляцийн түвшинтэй уялдуулан нэмдэг байсан. Энэ жилийн хувьд инфляцийн өсөлтийн хэмжээ маш бага байгаа тул 2016-2017 оны хичээлийн жилийн сургалтын төлбөр нэмэгдэхгүй байх гэж найдаж байна.
Бид мөн зөвлөмжөө Боловсрол, соёл, шинжлэх ухааны яаманд хүргүүлэх болно. Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам дэмжинэ гэдэгт найдаж байна.