Эрэгтэйчүүд, эмэгтэйчүүдийн үндэсний шигшээ багуудын Зүүн Азийн тэмцээний урьдчилсан шатны ялалтын сайхан амжилтын цуурайг улбаалан Монголын Хөлбөмбөгийн Холбоо, Азийн хөлбөмбөгийн холбооны (AFC) нийгмийн хариуцлагын “Dream Asia” сангийн “Aspiring member association” шагналыг хүртжээ. Шагналыг ЕНБД-ын орлогч дарга Ч.Мөнхзул гардан авсан юм. АХБХ-ны нэр хүндтэй шагналыг Монголын Хөлбөмбөгийн Холбооноос төлөөлөн авсан орлогч дарга Ч.Мөнхзул “МХБХ-ны Ерөнхийлөгч А.Ганбаатар болон хамт олныхоо өмнөөс АХБХ-нд энэхүү хүндтэй шагналыг өгч байгаад гүн талархал илэрхийлье. МХБХ цаашид Азийн нэгдмэл байдал, тивийн хөлбөмбөгийн хөгжилд бахархалтайгаар, тасралтгүй хувь нэмрээ оруулах болно” гэсэн юм.
АХБХ-ны нийгмийн хариуцлагын “Dream Asia” сангийн “Aspiring Member Association” шагналыг Монголын Хөлбөмбөгийн Холбоо, “Inspiring Member Association” шагналыг Хятадын хөлбөмбөгийн холбоо, “Developing Member Association” шагналыг Малайзын Хөлбөмбөгийн Холбоо хүртэж нийгмийн хариуцлагын үйл ажиллагаагаараа тивдээ тэргүүлэх байр суурьтай байгаагаа харууллаа.
МХБХ-ны хамт олон Ерөнхийлөгч А.Ганбаатарын зорьж байгаачлан Монгол улсад хөлбөмбөгийг хөгжүүлэх, бүх нийтийн спорт болгох бодлогынхоо хүрээнд хөлбөмбөгийн нийгэмд гүйцэтгэх үүрэг, ач холбогдлыг таниулах олон талт ажлуудыг хийж байгаа юм. МХБХ 2018 онд “Хөлбөмбөгөөр дамжуулан охид эмэгтэйчүүдийг хүчирхэгжүүлэх нь” сургалт, семинар, өсвөр үе болон охидод зориулсан нийт гурван удаагийн томоохон үйл ажиллагааг зохион байгуулж, их хуралдаа тусгай олимпын төлөөлөлтэй болж, “МХБХ-ны нийгмийн хариуцлагын бодлого, хэтийн төлөвлөгөө” хэмээх дөрвөн жилийн бодлогын баримт бичгийг боловсруулснаараа энэхүү шагналыг хүртэх шалгуурыг хангажээ.
“Aspiring member association” шагналыг дагалдан ирж буй 15 мянган ам.долларыг МХХ-ны нийгмийн хариуцлагын үйл ажиллагаанд зарцуулах юм байна.