Боловсрол Соёл Шинжлэх Ухаан Спортын Яам болон Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Холбооноос өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Баярсайхан “БСШУСЯ Боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэл хэлэлцээрийг үргэлжлүүлж ажилласны үр дүнд есдүгээр сарын 3-наас хойш үргэлжилсэн багш нарын ажил хаят өнөөдөр албан ёсоор зогсож байгааг мэдэгдэж байна. Есдүгээр сарын 17-ны Даваа гарагаас сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаа хэвийн явагдана. Ажил хаялт бол ингээд зогсож байна. Харин хэлэлцээр үргэлжилж 2019 оны хөдөлмөрийн гурван талт хэлэлцээрт ямар санал, шаардлага оруулахаа ярилцана” гэв.
Харин БСШУСЯ-ны ҮЭ-ээс “Цалин хөлс доогуур байсан зөрүүг арилгаж тодорхой хувиар нэмэх асуудал дээр тохиролцож чадлаа. 2019 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлээд ажлын ачааллыг үнэлэх үнэлгээний системтэй болно. Нормоос давсан хүүхдийн тоогоор багш нарын цалинг нэмэхээр боллоо” гэлээ.