Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссоос Нээлттэй Нийгэм Форумтай хамтран зохион байгуулдаг “Хүний эрхийн лекц” цуврал арга хэмжээ энэ сарын 21-ний өдрийн 15 цагт Засгийн газрын 11 дүгээр байрны II давхрын хурлын танхимд болно. Энэ удаагийн лекцийн зочин илтгэгчээр Монгол Улсын Төрийн соёрхолт, Ардын жүжигчин, УДЭТ-ын уран сайхны удирдаач Намсрайн Сувд оролцож, “Урлагаар дамжуулж хүний эрхийн боловсрол олгох нь” сэдвээр лекц унших юм байна.
Хүний эрхийн боловсрол бол хүн бүр бусдын эрхийг өөрийн эрхийн адил хүндэтгэх, сахин хамгаалахыг уриалсан үнэлэмж, итгэл үнэмшил, хандлагыг хөхиүлэн дэмжих үйл хэрэг гэж үздэг. Тэгвэл энэхүү үнэлэмж, итгэл үнэмшил, хандлагыг хувь хүнээс эхлэн бүхий л нийгмийн хүрээнд төлөвшүүлж, хөхиүлэн дэмжихэд нөлөөлж чадах нэгэн арга зам нь урлаг юм. Хүний эрхийн түгээмэл соёлыг төлөвшүүлэх, хүний эрхийн боловсрол олгох боломжтой талаар илтгэж, урлаг болон хүний эрх хоорондын харилцан хамаарлын талаар ярилцаж, санал бодлоо солилцохоор болжээ. Тус лекц үнэ төлбөргүй бөгөөд сонирхсон хүн бүрт нээлттэй юм байна.