Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр “Тэди” төвийн ойролцоогоос хоёр настай охиныг хулгайлж, Эрдэнэт хотод төөрүүлж хаясан гэх хэрэгт сэжиглэгдэж байгаа иргэн Л.Отгончулууныг орон даяар эрэн сурвалжилж эхэлжээ.
Цагдаагийн байгууллагад энэ сарын 6-нд хүүхэд алга болсон тухай дуудлага мэдээлэл ирж, улмаар хүүхдийг 7-ны өдөр Эрдэнэтээс эсэн мэнд олж хамгаалах байранд хүргэсэн байна. 2 настай охиныг хулгайлсан этгээд гэх 29 настай Л.Отгончулуун /эрэгтэй / ээжтэй нь хамт архи уун согтоож, улмаар унтсаных нь дараа охиныг хулгайлаад зугтсан байж болзошгүй гэсэн нөхцөл байдал тогтоогдсон байна. Тэрээр охиныг Эрдэнэт хотод зах дээр төөрүүлж хаясан байхыг нь цагдаагийн байгууллагаас олж, ар гэрт нь хүлээлгэн өгчээ.
Мөрдөн байцаалтын явцад охиноо алдсан ээж хүүхэд хулгайлсан Л.Отгончулууныг огт танихгүй гэж мэдүүлсэн бөгөөд одоо Чингэлтэй дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст хэрэг бүртгэл нээгдэн шалгалтын ажиллагаа үргэлжилж байна.